1. Эртний болон Эзэнт гүрний үеийн мөнгөн гүйлгээ (1227–1327 он)
Монгол туургатан Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж, арилжаа наймаанд хэрэглэж байсан түүхтэй.
- Чингис хааны үе (1227 он): Их хаан Чингис Монголын нэгдсэн тулгар төрийг байгуулж, “Сүхэс” нэртэй алт, мөнгөн зоос цутгуулжээ. Улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд гаргасан нь эзэнт гүрний улс төр, эдийн засгийг таваар-мөнгөний харилцаагаар ухаалгаар зангидаж байсны нотолгоо юм.
- Мөнгөний шинэтгэл (1236 он): Төрөл бүрийн хэлбэр, жинтэй байсан зооснуудыг нэгтгэж, ижил хэмжээ, жинтэй зоос цутгах анхны шинэтгэлийг хийв.
- Дэлхийн анхны Төв банк (1253 он): Мөнгөн гүйлгээг зохицуулах зорилгоор “Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс” нэртэй банкны үүрэг бүхий байгууллагыг байгуулжээ.
- Анхны тоо заасан зоос (1241 он): Өмнө нь зоосон дээр тоо заадаггүй байсныг өөрчилж, “Их Монгол улсын мөнгө” нэртэй, “Нэг” гэсэн тоотой зоос гаргав.
- Хувилай хааны үе (1260 он): Нийслэл Хархорум хотод “Мөнгө тушаах банк” байгуулж, аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэртүүдийг гүйлгээнд орууллаа. 1282 онд худалдааны томоохон төвүүдэд “Тэгшитгэх банк” нэртэй салбаруудыг нээжээ.
- Мөнгө устгал (1327 он): Хуучирч муудсан цаасан мөнгийг тусгай газарт шатааж устгах журам тогтоож, үүнд мужийн түшмэлүүд гэрчээр оролцдог байв.
Баримт: Монголын эзэнт гүрний үед 100 гаруй удаа алт, мөнгө, металл зоос болон цаасан тэмдэгтийг шинэчлэн гүйлгээнд гаргаж байжээ.
- Ардын хувьсгал ба Үндэсний банк байгуулагдсан нь (1911–1924 он)
Манжийн дарлалын жилүүдэд Монголын эдийн засаг доройтож, үндэсний мөнгөн гүйлгээ үгүй болсон байв. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгалын дараа зах зээлийг цэгцлэх түүхэн шаардлага тулгарлаа.
- Зах зээлийн замбараагүй байдал: Тухайн үед Монголын зах зээлд Хаант Орос, Хятадын цаасан тэмдэгт, Англи, Америк, Мексикийн алт, мөнгөн зоос, Хятадын “Юмбүү” мөнгөн цутгамал зэрэг гадаад валютууд зэрэгцэн гүйж байв. Мөн мал амьтан, хадаг, цай, ангийн үсийг арилжааны хэрэгсэл болгодог байсан нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байлаа.
- Түр зуурын хэмжүүр “Лан” (1921 он): Санхүүг цэгцлэхийн тулд 1921 оны 8 дугаар сард мөнгөний нэгжээр “лан”-г түр хэрэглэж, бүх тооцоог лангаар үйлддэг болов.
- Төв банк байгуулагдсан нь (1924 он): 1924 оны 6 дугаар сарын 2-нд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк” (Монголбанк) байгуулагдсанаар санхүүгийн системийн суурь тавигдав. (Энэ нь хожим 1954 онд БНМАУ-ын Улсын банк болсон).
3. Үндэсний валют “Төгрөг” бий болсон нь (1925–1928 оны шинэчлэл)
1925 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Ардын засгийн газраас мөнгөний шинэчлэл хийх түүхэн тогтоол гаргав.
- Анхны төгрөг (1925 оны 12 дугаар сарын 9): Анх удаа 200,100 төгрөгийг гүйлгээнд гаргав. Энэхүү үндэсний мөнгөн тэмдэгтийг 900 сорьцын, 18 грамм жинтэй цагаан мөнгөн зоостой тэнцүүлж, “Төгрөг” хэмээн нэрлэжээ. Хүнд металлыг тээвэрлэхэд хүндрэлтэй байсан тул цагаан мөнгөн зоосны зэрэгцээ цаасан тэмдэгтийг хамт гаргасан байна.
- Янчаантай хийсэн тэмцэл: Тухайн үед зах зээлд ноёлж байсан Хятадын янчааныг шахах ажил эрчимтэй хийгдэв. Анх 1 төгрөг нь Хятадын 0.88 янчаантай тэнцүү байсан бол, ард түмний дэмжлэгээр 1926 оны сүүлч гэхэд 1 янчаантай тэнцэж, худалдан авах чадвар нь өсжээ.
- Төгрөг дангаар үйлчлэх болсон нь (1927 он): Бүх албан газар, аж ахуйн нэгжүүд тооцоогоо төгрөгөөр хөтлөх болж, Хятадын янчаан зах зээлээс бүрэн шахагдлаа. Шинэчлэлийн үр дүнд Монголбанкны эрдэнэ металлын нөөц 4.2 дахин өсөв.
- Алтан баталгаанд шилжсэн нь (1928 он): Дэлхийн зах зээлд цагаан мөнгөний үнэ унасантай холбогдуулан 1928 оны 8 дугаар сарын 1-нээс төгрөгийг албан ёсны алтан баталгаанд оруулснаар, 1 төгрөг нь 51.8 америк центтэй тэнцэх бат бөх валют болж чаджээ.
4. Цаасан дэвсгэртийн хувьсал, загварын өөрчлөлтүүд
Улсын банкны мөнгөний фондыг сэлбэх зорилгоор 1939, 1941, 1955, 1966, 1993, 2002 онуудад төгрөгийг шинэчлэн хэвлэж байжээ.
| Он | Загвар, бичиг үсгийн өөрчлөлт | Онцлог шинж |
| 1925 он | Бүх бичиг тоог Монгол үсгээр хэвлэсэн. 1, 2, 5, 10, 25, 50, 100-тын дэвсгэртүүд. | Банкны удирдлагуудын (Микилман, Амар, Шигунов нарын) гарын үсэгтэй. |
| 1939 он | Хэмжээг өөрчлөхгүйгээр Д.Сүхбаатарын хөрөгтэй болгов. | 2-тын дэвсгэртийг 3-тын дэвсгэртээр сольсон. |
| 1941 он | Хэмжээ, өнгө хэвээр боловч зарим бичвэрийг Крилл үсгээр хэвлэв. | Шилжилтийн үеийн загвар. |
| 1955 он | Дэвсгэртийн хэмжээг томсгож, бүх бичвэрийг Крилл үсэгтэй болгосон. | Зураг хээг шинэчилсэн. |
| 1966 он | Ханшийг өөрчлөхгүйгээр хэрэглэхэд тохиромжтой болгон жижигрүүлсэн. | Анх удаа усан хээ (өлзий хээ) болон улаан, цэнхэр хамгаалалтын утас оруулсан. |
| 1993 он | 10-100-тад Д.Сүхбаатар, 500-10000-тад Чингис хааны хөрөгтэй болгов. | 100% хөвөн цаас, металл утас, микро үсэг, ультра гэрлийн нууцлалтай. |
| 2002 он | 10000-тын дэвсгэртийг дахин хэвлэв. | Хамгийн сүүлийн үеийн өнгө солигддог “холограмм” нууцлал оруулсан. |
5. Зоосон мөнгөний түүх
Монгол Улс зоосон мөнгийг гадаадад болон дотооддоо дараах байдлаар үйлдвэрлэж иржээ:
- 1925, 1937, 1945 он: Зөвлөлт Холбоот Улсад (ЗХУ) цэвэр цагаан мөнгөөр 10, 15, 20, 50-тын зооснуудыг цутгуулав.
- 1959 он: Хятад улсад хөнгөн цагаанаар хийсэн, голдоо нүхтэй 1, 2, 5-тын зоос хэвлүүлсэн.
- 1970 оноос хойш: Жилийн хэрэгцээгээр зоосон мөнгийг Монголдоо өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өмнөх хуучин зооснуудыг гүйлгээнээс хасжээ. 1 төгрөгийн зоосыг Маркс, Сүхбаатар, Соёмбо, Сансар зэрэг 8 төрлийн дүртэй гаргаж байв.
- Шинэ үеийн зооснууд (1996–2001 он): Дэлхийн жишгээр 20, 50, 100, 200, 500 төгрөгийн зооснуудыг гаргав. (200 төгрөг нь Төрийн ордны, 100 төгрөг нь Жанрайсэг сүмийн зурагтай).